Saturday, November 30, 2013
Баянхонгор аймгийн танилцуулга
/БАЯНХОНГОР АЙМАГ/ ТАНИЛЦУУЛГА
Баянхонгор аймаг нь Улсын Бага Хурлын 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор 16 сум, 112 баг, 11,8 мянган өрх, 41,8 мянган хүн амтай байгуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэрийн 7,8 хувийг эзэлдэг томоохон аймгийн нэг юм.
Тус аймгийн нутаг дэвсгэр Монгол орны Алтай, Хангай, Говь, цөл, тал хээр бүхий газар зүйн 4 муж, байгалийн 3 бүс, цаг агаарын 2 бүсийг хамардагаараа онцлогтой.
Баянхонгор аймаг нь Сибирийн их тайгаас төв Азийн говь цөлд шилжих бүсэд Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун төв хэсэгт байрлаж Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудтай нутаг залган, БНХАУ-тай 140 км нутгаар хиллэсэн, 116 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Аймгийн төв нь Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог.
Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны өмнө талын тэгш өндөрлөг болон ойт хээр, дунд хэсгээрээ их нууруудын хотгорын төгсгөл болон тал хээр, өмнөд хэсгээрээ Алтайн цаад говийн цөлөрхөг бүсэд хамрагддаг.
Хамгийн нам дор газар Эхийн гол 720 м, хамгийн өндөр Их Богд уул 3957 метрт өргөгдсөн агаарын температур нь хүйтний улиралд дунджаар 18-30 хэм хүйтэн, дулааны улиралд 15-27 хэм байдаг. Нутгийн хойд хэсгээр 62,2 мянган га хар модон, өмнөд хэсгээрээ 477,0 мянган га заган ойтой.
Тус аймаг алт, зэс, хар, хүрэн нүүрс, болор, жонш, гялтгануур гантиг, боржин, шөрмөс чулуу зэрэг ашигт малтмал, төрөл бүрийн шороон будаг, сайн чанарын шавар, шохойн чулуу гэх мэт барилгын материал нэн элбэгтэй.
Аймаг байгуулагдсан үеэсээ Бөмбөгөр, Баян-Овоо, Галуут сумдын нутагт шилжин байршиж, одоогийн оршин буй төвдөө 1961 онд суурьшсан.
Баянхонгор аймаг мал өсгөх, улсад тушаах мах, ноос зэрэг мал аж ахуйн үндсэн бүтээгдэхүүний төлөвлөгөөг амжилттай биелүүлсэн учир БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1976 оны 4-р сарын 7-ны өдрийн 78 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, АИХ-ын Тэргүүлэгчдийн 1981 оны 7-р сарын 7-ны өдрийн 217 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан.
Дэлхийн 13 гайхамшгийн нэг +45-+95 хэм халуун 300 гаруй рашаан бүхий “Шаргалжуут”, 800 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан буйр Баянлигийн “ Цагаан агуй”, 50-80 сая жилийн тэртээ аварга том махчин амьтан үлэг гүрвэл амьдарч байсан “Бүгийн цав”, “Ногоон цавын хоолой”, “ Луу яст” гэх мэт байгалийн гайхамшигт газрууд, Чингис хааны цэрэг дайлаар мордохдоо буудаллаж байснаар “Монголын нууц товчоо”- нд тэмдэглэгдсэн, мөн Галдан бошигт өндөр гэгээн Занабазар нар халхын ноёдыг цуглуулан чуулган чуулж байсан “ Хүрэн бэлчир” зэрэг түүхт газрууд, XV – XVI зууны үед баригдсан Хачин ламын сэмчин дуган, Чин Сүжигт Номун хааны хийд зэрэг өнө эртний дурсгалт байгууламжууд, манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв “ Шатар чулууны “ хөшөө дурсгал зэрэг нь Баянхонгорчуудын бахархал юм.
Засаг захиргааны нэгжийн хувьд 20 сум, 100 баг, 1 тосгонтой. Өнөөдрийн байдлаар 23008 өрх, 80848 хүн амтай бөгөөд нийт хүн амын 51,2 хувийг эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн насны хүн амын 5334 хүн нь хөдөлмөр эрхэлж байна.
Аймгийн эдийн засгийн голлох салбар мал аж ахуйд өсөлт гарч 2009 оны эцэст 2684703 толгой мал тоолуулсан нь 2008 оныхоос 16487 толгой малаар өссөн ба 101% тай байна.
2009 онд аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд хяналтандаа 271 зорилт дэвшүүлэн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 92.6 хувьтай гүйцэтгэлээ.
Орлогын төлөвлөгөөний биелэлтийг төрөл дээр нь авч үзвэл: НӨАТатвар 4.1 сая төгрөг, Мал бүхий иргэний орлого 27.5 сая төгрөг, ҮХЭХ-ийн борлуулсны татвар 4.7 сая төгрөг, Бууны татвар 3.9 сая төгрөг, ашигт малтмал ашигласны татвар 14.1 сая төгрөгөөр тасарч, бусад нэр төрөлд биелэлээ. Нийт орлогод ААНБ орлогын албан татвар 2.0 хувь, онцгой албан татвар 3.3 хувь, нэмүү өртгийн албан татвар 5.7 хувь, ЦХТА орлого 36.2 хувь, авто тээвэр өөрөө авагч хэрэгслийн татвар 5.8 хувь, бусад төлбөр хураамж 47.0 хувийг эзэлж байна
08 дүгээр сарын эцэст иргэдийн хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 23.1 хувиар буюу 1683.9 сая төгрөгөөр өссөн байна. 2009 оны 8 дүгээр сарын эцэст аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 25.5 хувиар буурсан байна. Чанаргүй зээл 839.8 сая төгрөгт хүрсэн нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.9 хувийг эзэлж байна.
9 -р сарын 1-ний байдлаар аймгийн хэмжээнд нийт 484,9 га талбайд тариалалт хийсний 4.2 га-д үр тариа, 291,1 га-д төмс, 113,1 га-д хүнсний ногоо, 76,5 га-д малын тэжээлийн ургамал тариалж., 9-р сарын 1-ний байдлаар төмс -146 тонн, хүнсний ногоо -46.8 тонныг тус тус хураан авсан.
Баянхонгор аймгийн давуу талууд
Манай аймаг нь газрын хэвлийн байгалийн эрдэс баялгаар арвин нөөцтэй бөгөөд судалгааны дүнд алтны ихээхэн хэмжээний үйлдвэрлэлийн нөөц бүхий илэрцүүд, мөн хүрмэн чулуу, нүүрсний томоохон ордууд, шохойн чулуу, тоосогны шавар, эрдэс будгийн олон орд илэрцүүдийн нөөцүүд тогтоогдсон. Байгалийн нөөцдөө тулгуурлан уул уурхайн болон барилгын материалын үйлдвэрлэл хөгжих бүрэн бололцоотой.
Эхний 8 сарын байдлаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт 1018221.0 мянган төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 143972.9 мянган төгрөгөөр буюу 16.5 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чандмань ХХК / 27.8 хувиар/, Сүлдэнтэнгэр ХХК / 98.6 хувиар/, Баялаг орд /2.1 дахин/, RMB ххк / 5.1 хувиар/, Хонгорын түшиг / 22.3 хувиар/, Хотол мандал ундарга / 50.3 хувиар/ борлуулалт өсч, бусад хувийн секторын борлуулалт буурчээ. Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг авч үзэхэд урд оны мөн үеэс нүүрс 1,9 мян.тн-оор, дулаан үйлдвэрлэл 6,2 мян.Ккал-аар, нарийн боов 4,1тн-оор өсч, талх 5.6 тн-оор, архи 16.6 мян.л-ээр буурчээ.
Баянхонгор аймаг нь эртний хүний үүслийн өлгий Цагаан агуй, сүг зургийн галерей, бичигт хад, харийн амьтны мөр байж болох “Цагаан булаг”, динозаврын оршуулга гэгдэх “Бүгийн цав”, дэлхийд хосгүй “Шаргалжуут” говийн үзэсгэлэнт байгаль, “Улаан ном”-д орсон мазаалай, хавтгай тэмээ болон бусад нэн ховор амьтан, ургамалтай, монгол улсын бүсчилсэн хөгжлийн бодлогоор Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл Орхон аймаг зэрэг гадаадын жуулчдын сонирхолыг гойд татдаг аялал жуулчлалын бүс нутгийн маршрутыг бий болгож аялал жуулчлалаас их хэмжээний орлого олох боломжтой.
ЦАГААН АГУЙ
Монгол улс, тэр тусмаа Баянхонгор аймаг нь хүн үүссэн өлгий нутаг болохыг гадаадын олон орны эрдэмтэд нотолсоор ирсэн. Тухайлбал, 1989 онд Баянхонгор аймгийн "Уран хайрхан" гэдэг газраас олдсон архелогийн олдвор нь одоогоос 500 000 жилийн өмнө манай дэлхий дээр анх хүн үүссэнийг нотлох үнэ цэнэтэй олдвор байсан бол 1996 онд Америк, Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан экспедицийн олсон олдвор нь дэлхий дээр одоогоос 750 000 жилийн тэртээ хүн амьдарч байсныг нотолжээ. Энэ олдвор нь одоогоор энэ дэлхий дээр олдоод байгаа олдворуудаас хамгийн эртнийх нь. Иймээс Баянхонгор аймаг нь хүн төрөлхтний өвөг дээдсийн өлгий нутаг юм.
ШАТАР ЧУЛУУ
Эрдэнэцогт сумын нутагт байдаг "Шатар чулуу"-ны хөшөө дурсгал нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм. Шатар чулууны тухай түүхийн нэн сонин домог байдаг. Энэ нь Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энэ газар оршуулж түүний дурсгалыг мөнхлөн шатар чулууны хөшөө дурсгалыг босгосон гэж ам дамжин ярьж иржээ. Энэ домгийг нотлох сүг зураг сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулга, Монгол шатрын дүрс хэлбэрүүд болох янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд байдаг. МЭ 450-550 жилийн үед Хүннү нар шатар тоглодог байсныг Английн эрдэмтэн Г.Мэрэй Шатрын товч түүх номондоо тэмдэглэснээс үзвэл, Монгол овогтноос анх шатар үүсч хөгжсөн гэсэн дүгнэлт хийж болох юм.
ГҮР ДУУНЫ НОТ “ЯН-ИГ”
Чин сүзэгт Номун хан (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын хийд) Лувсанноровшийравын удаа дараагийн дүр хувилгаадын зохиосон "Гүр дууны бичиг" хөгжмийн бүтээл нь 18-р зууны томоохон туурвилын нэг юм. Гүр гэдэг нь эртний Энэтхэг, Төвдийн утга соёлын зүйлээс дамжин ирж, Монголчуудын шашны зан үйл, түүний дотор сүм хийдийн найрын дуу хөгжмийн төрөл үлэмж дэлгэрсэн нэгэн зүйл дууны төрөл юм. Гүр дууны нотыг “Ян-иг” гэдэг.
Гүр дууны нот буюу "Ян-иг"-ийг Чин сүзэгт Номун ханы 1,2,3-р дүрүүд болох анхдугаар хувилгаан Лувсаншийрав /1701-1768/, 2-р хувилгаан Лувсандандарванчиг /1760-1827/, 3-р хувилгаан Бадамдорж /1830-1882/ нар зохиосон байна. Урлагын энэ ховор нандин үзмэр зөвхөн Баянхонгор аймгийн музейд л байдаг.
ГАЛУУТЫН ХАВЦАЛ
Нутгийн хүмүүсийн домог яриагаар одоогоос 200-аад жилийн өмнө “Тоть” нуурын ус Галуутын хавцал үүссэн хотгороор ганцхан шөнө их дуу чимээ гарган нүүж одсон гэгдэх энэ хавцал нь гадаад дотоодын хүмүүсийн очих дуртай газрын нэг билээ.
Галуутын хавцал нь дунджаар 200-400 метр гүн, 50-200 метр өргөн, эрс цавчим хажуу ханатай, хамгийн нарийн газраа дөнгөж 2-3 метр өргөн хадан боом болж ирсэн тэр хэсэгт ялангуяа гол ус үертэй үед хүчтэй сүрлэг хүрхрээ боргио үүснэ.
МАЗААЛАЙ
Дэлхий дээр 20 гаруйхан тоотой үлдсэн говийн баавгай хэмээх Мазаалай нь зөвхөн Баянхонгорын говийн бүс нутагт л байдаг. Тэрчлэн Баянхонгор аймагт дэлхийн "Улаан ном"-д орсон хулан, хавтгай, ирвэс Монгол улсын “Улаан ном”-д орсон эрээн хүрэн, цоохондой, хар сүүлт зээр, аргал, янгир, жороо тоодог зэрэг ховор ховордсон амьтад байдаг.
ШАРГАЛЖУУТЫН РАШААН
Шаргалжуутын халуун рашаан нь далайн түвшнээс дээш 1492 метр өндөрт Шаргалжуут голын дэргэд байрладаг. Энэ гайхамшигт рашаан нь 108 төрлийг өвчнийг анагаах чадвартай, 108 төрлийн халуун, хүйтэн рашаануудаас бүрддэг. Эдгээрийн хамгийн халуун нь нэмэх 96 хэмийн халуун байдаг. Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагаах эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог.
Шаргалжуутын рашаан бүр нь хүний бие эрхтнүүдийн байгалаас урлан бүтээсэн хэлбэр дүрс бүхий хад, чулуунаас ундран гардаг. Тухайлбал, хоолой өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.
ИХ БОГД УУЛ
Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн, Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлуудыг үзэж болох юм.
Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг юм.
Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Хөх нуур”, “Ногоон нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг билээ. Ууланд аялах дуртай аялагчдын сонирхлыг татдаг бүс нутгийн нэг нь их Богд уул юм.
АРГАЛЬ, ЯНГИР
Анчин жуулчдын сонирхлыг татах ан, амьтад элбэгтэй Баянцаган, Баацагаан сумын Хар аргалант, Нарийн хар Шинэжинст сумын Гүний хөндий, Хүрээмарал сумын Богд уул, Баян-Өндөр сумын Гудир зэрэг газруудад анчин жуулчид ирж дэлхийд ховордсон аргаль, янгир агнаж байсан уламжлалтай
Labels:
миний нутаг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment